Монгол улсын ууган дөрвөн аймагт 1925 онд анхны “Улаан булан” байгуулах шийдвэр гарч, Хан Хэнтий уулын аймагт урлаг соёлын өргөө үүдээ нээсэн түүхтэй. Өндөрхаан уулын хошуунд улаан туг хийсгэсэн том гэрийн дотор дуу хуурын эгшиг цуурайтаж, 1925 онд анхны “Улаан гэр”-ийн ахлагчаар Мөрөн сумын харьяат Аюуш гэдэг эмэгтэй ажиллаж байжээ. Тухайн үед Хэнтий нутгаас үе дамжсан олон уран бүтээлч, алдартан цуутнууд төрсөн гарсны дотор “Уртын дуу”- ний мастерууд хэмээн нэрлэгдсэн Самын Гомбо, Балингийн аварга Майдарын Дашрэнцэн, Лувсангомпил, Н.Дэмчиг, Сэсэржаагийн Дамчаа зэрэг ардын авьяастнууд байсан байна.
Улмаар 1930-аад онд Сэцэнханы "Алтанжан” өргөө гэж нэрлэдэг хөх тоосгон байшинд Ядамсүрэн даргатай анхны клубт сайн дурын уран сайханчид олон ший жүжиг найруулан тоглодог байжээ. 1938 оны үед Өндөрхаанд "Элдэв-Очир”-ийн нэрэмжит клуб, ҮЭ-ийн байгууллагын харьяа "Ажилчны клуб”- үүд эн зэрэгцэн ажиллаж “Цэнд комиссар”, "Долоодой хүү”, “Учиртай 3 толгой" зэрэг жүжиг, концертуудыг тавьж байв. 1950-иад оны дунд үеэс дээрх 2 клуб нэгдсэнээр уран бүтээлийн чанар чансаа нь дээшилсний зэрэгцээ Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Д. Лувсаншарав, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д. Бадарч нар тус клубт ажиллаж байжээ.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл ба МАХН-ын төв хорооны 1958 оны 01-р сарын 22-ний өдрийн /дугаар 14/23/ тоот тогтоол гарч, Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 1958 оны 03-р сарын 01-ний өдөр “Соёлын ордон” байгуулагджээ. Үүнээс хойш “Будамшуу”, “Далан худалч”, “Валентин Валентина хоёр”, “Өвгөд” зэрэг 60 гаруй жүжиг, 100 гаруй концерт тоглож, урын сандаа оруулсан байна. Мөн 1975 онд Өмнөговь аймагт зохион байгуулагдсан зүүн бүсийн "Соёлын ордон”-ы уулзалт тоглолтод Хэнтий аймгийн Соёлын ордон Тэргүүн байр эзэлж, тухайн үед Соёлын яамнаас амжилттай оролцсонд баяр хүргэж, аймгийн Соёлын ордны бүтэц орон тоог 6-аар нэмэгдүүлж нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн Соёлын ордон болгож шагнасан байна. 1978 онд Хэнтий аймгийн Соёл урлагийн 10 хоногийг Улаанбаатар хотод амжилттай зохион явуулж, дуучин Ч.Шархүүхэн БНМАУ- ийн "Ардын жүжигчин” цолоор, найрал дууны багш Л.Дашням БНМАУ-ын “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоор тус тус шагнагдсан байна.
1983 онд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 38 дугаар тогтоолоор Ардын Дуу Бүжгийн “Хан Хэнтий” чуулга байгуулагдан ажиллаж эхэлснээс хойш "Тал нутгийн ая дуу", "Хан Хэнтий нутгийн дуулал", "Ардын аялгуу”, Цаст Алтайн дуулал", "Цэцэн бэлэгт ардын аялгуу", "Зуун дамжсан уянга", "Талын Монгол”, "Цэцэн Ханы дуулал”, "Бурхан Халдуны дуулал”, "Түүхэн Тоонто" зэрэг бүрэн хэмжээний концерт 40 гаруй, "Их хувь заяа” дуулалт жүжиг, “Ононд хатаагдсан илд” ардын бүжгэн жүжиг, "Насны харгуй" дуу бүжгийн цомнол, "Хөх тэнгэр” театрчилсан концерт, “Цөвүүн цагийн хяруу" дуаз мюзикл, “Учиртай 4 толгой” рок мюзикл, “Учиртай 3 толгой” үндэсний дуурь, “Муурын байшин”, “Ишиг гэдэг хөөрхөн нэр", "Ярьдаг мод” зэрэг хүүхдийн дуулалт жүжиг 20-иод жүжгээр урын сангаа баяжуулжээ. Ардын Дуу Бүжгийн "Хан Хэнтий” чуулга нь Зүүн Монголын ард олны дунд түгэн дэлгэрсэн уламжлалт дуу, хөгжим, бүжгийн өв санд тулгуурлан уран бүтээлээ туурвин түмэн олондоо өргөн барьдаг онцлогтой.
"Хан Хэнтий” чуулгад Хөгжмийн зохиолч МУУГЗ Л.Дашням, Д.Гомбо, нэрт бүжиг дэглээч МУУГЗ Д.Санжаасүрэн, МУУГЗ Ц.Оюунбаатар, найруулагч МУУГЗ Г.Энхболд, МУУГЗ Б.Авирмэд нарын удирдлага дор Ардын жүжигчин Ч.Шархүүхэн, Монгол улсын гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс, Ц.Ичинхорлоо, Ц.Энхзул, С.Нансалмаа, Г.Хонгорзул, Н.Төмөрхуяг, Д.Баасанжав нарын алдар цолтнууд болон шилдэг бүжигчид, хөгжимчид, дуучид, залуу уран бүтээлчид төрөн гарсан нь Хэнтий нутгийн зон олны бахархал болоод зогсохгүй төрлөх нутаг Хан Хэнтий чуулгынхаа нэр хүндийг өндөрт өргөж, улсдаа төдийгүй дэлхийн дахинаа алдаршуулж, үндэсний соёл урлагаа сурталчлан таниулж, олон олон амжилтыг гаргасан түүхэн замналтай. Тиймээс мэргэжлийн театр чуулгуудын улсын уралдаанд АДБ-ийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид 1985, 1989, 2002, 2012, 2016, амжилттай 2022 онуудад тогтмол 2018, оролцож Тэргүүн, Дэд байруудад шалгарч байсан билээ. Хан Хэнтий чуулгын 40 жилийн түүхэнд Л.Нарангэрэл, Д.Алтанхуяг, Б.Өлзий-Орших, Б.Авирмэд, Б.Мөнхжаргал, Ц.Түвшинтөгс, Ц.Дугар, Д.Цогт-Эрдэнэ нарын дарга нар урлаг, соёлын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх арга барил, бүтээлч хөдөлмөрөөрөө хичээнгүйлэн зүтгэж, манлайлан ажилласан нь Зүүн Монголын уламжлалт өв соёлыг үндэсний болон дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйн баталгаа юм. Одоо мэргэжлийн урлагийн байгууллага Ардын Дуу Бүжгийн Хан Хэнтий чуулга нь Захиргаа аж ахуйн анги, Дуу анги, Хөгжим анги, Бүжиг анги гэсэн нийт 58 хүний бүтэц орон тоотойгоор жилдээ 100 гаруй тоглолт хийж, 30 мянга гаруй иргэд, хүүхэд, залуучууддаа соёл урлагийн үйл ажиллагаагаар үйлчилж, уран бүтээлээ туурвин ажиллаж байна. Ардын дуу бүжгийн Хан Хэнтий Чуулгын 40 жилийн ойн босгон дээрээ шинэхэн нээлтээ хийсэн 600 хүний суудалтай, 9 танхимтай, 78 өрөө тасалгаатай, тусгай мэргэжлийн зориулалт бүхий “Театрын барилга”-даа нүүж орсон нь ажилтан, уран бүтээлчдийн ажиллах таатай нөхцөл, мөн иргэд, үзэгчдэд орчин үеийн стандартад нийцсэн тайз, гэрэл техник, тухтай байр танхимаар үйлчлэх сайхан боломжийг бүрдүүлээд байна.
"Хан Хэнтий" чуулгын ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
1. 1985 онд АДБ-ийн Хан Хэнтий чуулга Герман, Чехсловак, Польш зэрэг Европын орнуудаар Үндэсний өв соёлоо сурталчилан таниулж аялан тоглолт хийсэн.
2. 2002 онд Мэргэжлийн театр, чуулгуудын улсын уралдаанд Тэргүүн байр эзэлж, Бүжиг ангийн уран бүтээлчид БНХАУ-ын Бээжин, Харбин, Ханчоу, Чанчин хотуудад аялан тоглох эрхээр шагнуулж, тоглолт зохион байгуулсан.
3. 2017 онд БНХАУ-ын Сичуан хотод Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид туршлага солилцож, аялан тоглолт хийсэн.
4. 2018 оны 5 сард БНСУ-ын Пусан хотноо зохион байгуулагдсан Азийн урлагийн их наадамд, тус оны 07 сард БНСУ-ын Тэгү хотноо зохион байгуулагдсан "Нүүдэлчин Монгол" наадамд хөөмий, бүжиг, морин хуур хөгжмөөр амжилттай оролцсон. Мен Тэгү хотноо Зүүн Азийн орнуудын дунд зохиогддог урлаг спортын их наадамд морин хуур хөгжмөөр оролцож Дэд байранд шалгарч, Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын нэрэмжит шагнал, өргөмжлөл хүртсэн.
5. 2019 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид үндэсний өв соёлоо сурталчлан, 6 сар туршлага солилцсон.
6. Ардын жүжигчин, уртын дуучин Ч. Шархүүхэний нэрэмжит уртын болон ардын богино дуу дуулаачдын улсын уралдаан, МУУГЗ нэрт бүжиг дэглээч Д.Санжаасүрэнгийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын уралдаан, МУУГЗ Д.Гомбын нэрэмжит мэргэжлийн хөгжимчдийн улсын уралдаан, МУГЗ Л.Дашнямын нэрэмжит дууны уралдааныг тус тус орон нутагтаа зохион байгуулдаг.
7. АДБ-ийн Хан Хэнтий чуулгаас ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн уран бүтээлчдээс Ардын Жүжигчин -1, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн -6, Монгол Улсын Гавьяат Жүжигчин-8 төржээ.