
“Жонон хонгор” хэмээх ардын дуу шиг болтлоо монгол түмний дунд тархсан энэхүү дууны аялгууг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, ардын дуу бүжгийн "Хан Хэнтий" чуулгын найрал дуу хөгжмийн багшаар 50 гаруй жил ажилласан Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Дашням зохиожээ.
Хөгжмийн зохиолчийн төрөлх нутгийг сурталчлах, түүний уран бүтээлийг нийтэд түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн үлдээх, өсөх ирээдүйтэй залуу дуучдыг тодруулан алдаршуулах зорилгоор Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Дашнямын нэрэмжит “Жонон хонгор” дуу дуулаачдын улсын уралдаан, цөөхүүл дууны хүүхдийн улсын уралдааныг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулахаар болжээ.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Дашням 300 гаруй уран бүтээл туурвиж, олны хүртээл болгосноос "Адуучны жавхаа" ятга, морин хуурт зориулсан бүтээл нь 1978 онд Болгар улсад болсон олон улсын наадмаас тэргүүн шагнал хүртэж, алдарт "Жонон хонгор" дуу нь гадаадын олон орны уран бүтээлчид урын сандаа оруулж байсны нэг нь Польшийн дуучин Анна Герман 1977 онд дуулснаар бичлэгт үлдсэн байдаг.